burmaa118.blog.gogo.mn : монголчуудын бичиг үсгийн соёл

монголчуудын бичиг үсгийн соёл

Монголчуудын бичиг үсгийн уламжлал ...

Монголчууд ном эрдмийг эрхмийн дээд шүтээн болгон дээдэлж ирсэн эртний сайхан уламжлалтай ард түмэн. Он цагийн эргэлтэнд эрдэм мэдлэгийг дэлгэрүүлэхэд өөр өөрийн үүргийг гүйцэтгэсэн харьцангуй олон бичиг үсэг хэрэглэж, хүн төрөлхтөний оюуны соёлын оргилд тооцогдсон зохиол бүтээл туурвисаар ирсэн бахархалт түүх монголчууд бидэнд бий. Дэлхий дээр бичиг үсэг 5000 жилийн өмнө үүссэн гэдэг. Харин Монгол туургатны хувьд уйгур, соёмбо, дөрвөлжин, тод гэх мэт олон янзын бичиг үсэг хэрэглэж байсан бөгөөд энэ нь 2000 жилийн түүхтэй гэдэг. Монголын нэрт эрдэмтэн Түдэв энэ талаар “Монголчууд эрт үеэсээ эхлэн олон янзын бичиг үсэг зохион, билиг оюунаараа бүтээж ирсэн бөгөөд Хэмүү, зангилаа, зурлага, татлага, гогцоо, тамга, угалзан, сийлбэр зэрэг дүрспэх урлагийн бүхий л аргаар үсэг бичиг зохиожээ” хэмээн дурьдсан нь бий.

                 Монголчуудын бичиг үсгийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдлын талаар судлаач ярихдаа “Монголчууд хөгжлийнхөө түүхэнд 10-аад бичиг үсэг хэрэглэж байжээ. Энэ 10-аад бичиг үсэг нь бүгд тодорхой цаг үедээ өөр өөрсдийн зорилготой байсан. Тэр бичиг үсгээр дамжуулж соёлын ямар хүрээнд байх уу, ямар улстай яаж харьцах уу, ямар зохиолыг монголчуудад хүргэж, таниулах вэ ч гэдэг юмуу, орчуулгын ажлыг хөгжүүлсэн ийм улс байгаа. Дээр үеэс Дорнын их олон улстай харилцаж байхдаа Араб, Персээс үлгэр, тууж ч юмуу тийм чиглэлийн зохиолыг орчуулна, Хятадаас тахимдуу ёсны тухай, Күнзийн суртлын эцэг эхийгээ хүндлэх тухай гээд хэрэгтэй гэж үзсэн зүйлээ орчуулдаг байсан. Олон бичиг үсэг зохиогоод байна гэдэг нь тухайн нөхцөл байдалд тааруулж, үндэстнийхээ өвөрмөц нөхцөл байдлыг хадгалж үлдэх гэсэн өвгөд дээдсийн маань тэмцлийн зүйл байсан болов уу. Яагаад гэвэл нүүдэлчин улсуудад хамгийн их аюул занал учруулдаг зүйл нь их Хятадтай хөрш, олон хүнтэй, өөрийн соёлтой, бичиг үсэгтэй, суурин иргэншилтэй өмнөд хөршдөө уусах юмуу, үндэстнийхээ хувьд устаж үгүй болох ийм нөхцөл байдал үүсдэг байсан учраас нүүдэлчин улсууд хятадын соёлоос арай өөр хүрээний соёлын зүйлийг их анхаардаг. Энэ ч байдлаасаа үүдэн монголчууд Энэтхэг, Төвдийн талаас соёлын олон зүйлийг тухайлбал бурхан шашны олон ном зохиол орчуулсан байх жишээтэй” гэсэн юм.

         Монголчуудын эдүгээ хүртэл хэрэглэж ирсэн зарим бичиг үсгийн талаар сонирхуулбал: 1269 онд Монголын Хубилай хааны зарлигаар "дөрвөлжин" үсэг бичгийг, 1599 онд Эрдэнэ багш, Гагай захирагч нар монгол үсэгт нэмэлт хийж "манж үсэг"-ийг, 1648 онд Ойрадын Заябандид "тод бичиг"-ийг, 1686 онд Өндөр гэгээн Занабазар "соёмбо үсэг"-ийг, 1905 онд Агвандорж гэгч "вагиндрагийн үсэг"-ийг, 1942 онд нэрт эрдэмтэн Дамдинсүрэн кирил цагаан толгойд 2 үсэг нэмж, найруулан монголын "шинэ үсэг"-ийг тус тус зохиожээ. Ийнхүү бичиг үсгийн хөгжил үргэлжлэхийн хэрээр бичгийн болоод аман ярианы шалгарсан суутнууд төрөн гарч монгол хэлний саруул тансаг төрхийг улам өнгөлсөөр ирсэн түүхтэй.

               Монголчуудын анхны бичиг үсгийг хүн төрөлхтний бүтээсэн оюуны соёлын салшгүй нэгэн хэсэг болсон монгол бичиг гэдэг. Гэхдээ монголчуудын оюуны соёлын нандин өв болсон энэхүү бичиг үсгийн гарал үүсэл одоог болтол нууцлаг хэвээр байна. 1200 оны үе буюу монгол үндэстний анхны түүх дурсгалын зохиол “Монголын нууц товчоо”-г монгол бичгийн гарал үүсэлтэй хамааруулж үздэг боловч үүнээс 100 гаруй жилийн өмнө монголчууд хэл соёлын хувьд асар их баялагтай байсан гэж дэлхийн монгол судлаачид үздэг.  

         Нэгэн сонирхолтой жишээ дурьдахад, 1204 онд Чингис хааны цэрэгт Найман аймгаас олзлогдсон Тататунгаагаар Монголчууд бичиг үсэг заалгасан гэх баримтын талаар эрдэмтэн Түдэв өгүүлэхдээ "1240 онд бичигдэж дууссан Монголын нууц товчоо бол хэдхэн жилийн өмнө бичиг үсэг сурсан хүний бүтээл гэхэд үнэмшмээргүй. Энэ нь боловсронгуй нарийн хэл найруулгатай, маш уран яруу дүрслэлтэй, нийлэг шинжтэй томоохон туульс юм. Ямар ч уламжлалгүйгээр, цөөхөн жилийн нимгэн хуримтлал дээр түүх, уран сайхны ийм суурь бүтээл гарсан баримт түүхэнд нэн ховор билээ" хэмээсэн байдаг. Тататунгаагаар бичиг заалгахаас урьд өмнө монголчуудыг бичиг үсэггүй байсан гэдэг зарим эрдэмтдийн нотолгоо нь тийм ч үндэслэлтэй зүйл биш болохыг эрдэмтэн Түдэв ийн өгүүлжээ.

Монголын ард түмний оюуны соёлын нандин өв болсон энэхүү бичгийн эдүгээ хүртэл үлдсэн анхны дурсгал нь 1225 оны үед хамаарах "Чингисийн чулууны бичиг" юм. Ер нь Монгол үсгийн дурсгалт бичгүүдийг гадаадын эрдэмтэд 19-р зууны хориод оноос эхэлж судалсан бөгөөд тухайлбал, Францын Абел-Ремусат 1824 онд Ил хаан Аргун, Өлзийт нарын Францын хаан Филипп дөрөвдүгээрт илгээсэн хоёр захидлыг анх удаа нийтэлжээ. Мөн 1824 онд Оросын шинжлэх ухааны хүрээлэнгийн академич Шмидт энэ хоёр захидлын тухай хэл бичгийн судлалын үүднээс өгүүлэл бичсэн байна. Түүнчлэн 1833 онд академич Шмидт бас Есүхэйн чулууны бичээсийн тухай анхны судалгааг хийжээ.

           1990 оноос хойш монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, нийтэд суратлчлан таниулах, сурах ажлыг эрчимтэй зохион явуулж, энэ хүрээнд “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 1”-ийг 1995-2005 онд, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 2”-ыг 2005 оны 5 сараас батлан хэрэгжүүлж байна. Түүнчлэн Монгол үндэстний их өв уламжлал болсон энэхүү монгол бичиг, соёл, түүхээ хадгалж үлдэх, дэлхий дахинд таниулан сурталчлах олон арга  хэмжээ сүүлийн жилүүдэд Монгол улс даяар эрчимтэй өрнөж байна. Тухайлбал жил бүрийн 5-р сарын эхний ням гаригийг “Үндэсний бичиг соёлын өдөр” хэмээн тунхагласан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2003 онд гарчээ.

              Өнөөдөр манай улсад кирил үсгийг бүх нийтээр хэрэглэж байгаа ч төрийн тэргүүн, Ерөнхий сайдаас эхлээд бүх яамны сайд нарын батламж тамгыг Монгол бичгээр үйлдсэн нь үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл төрт ёсны хүрээнд гүн бат хадгалагдаж буйн тод илрэл гэж болно. Түүнчлэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн анхны эхийн Монгол бичгийн хөрвүүлэг, “Монголын Нууц Товчоо”- ны 13-р зууны үеийн Монгол бичгийг барын тиг хэлбэрээр буулгаж, есөн эрдэнээр бүтээсэн эхийг төрийн санд нандигнан хадгалж байгаа билээ.

              Монгол улсын Төрийн соёрхолт, гавьяат багш Чоймаа ярихдаа “Өнөөдөр манай залуучууд би хэн билээ, ямар үндэстэн билээ, монгол үндэстэн гэдэг ямар хэлтэй, ёстой заншилтай, ямар бичиг үсэг, үүх түүхтэй байсан юм гэдгээ мэдэхийг хүсдэг болжээ. Өөрөөр хэлбэл нийт залуу үеийнхний маань үндэстний мэдрэмж дээшилж байгааг хараад баярлах сэтгэл төрж байна. 2 том гүрний дунд цөөхөн монголчууд тусгаар тогтносон улс гэж оршин тогтнохын цөм үндэс нь монголын залуу үеийнхний өөрийн үндэстний эрх ашиг, өөрийн үндэсний хэл соёл бичиг энэ бүгдээ эзэмших, зүрхэнд нь гал асаж, өөрийн цусанд нь үзэл бодол шингэсэн байж гэмээнэ монгол үндэстэн оршин тогтнохын дархлаа нь болох юм” гэсэн юм.Хүн төрөлхтний бичгийн соёлыг гадаад далайд цутгадаг их мөрөн хэмээвээс түүний ширгэшгүй ундарга, тасар­шгүй цутгалын нэг нь болох Монгол бичиг монголчуудын оюуны соёлын гайхамшигт өв билээ.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Tugsuu (зочин)

ymarch ulsiin huwid uuriin gsn hel soyol bichig usegtei bh ni hamgiin tom undesnii baharhal shu de, bosoo mongol bichig, hel soyloo martahgui sergeen bnga ashinglaj bh ni zuitei yum blwuu. niitlel mash ih taalagdlaa bayarllaa.

nyamka (зочин)

suragchdad ertnii bichig usegniiha talar mdeeleltei blgoj bgad n bayrlaj bn

Зулаа (зочин)

Сайн уу? Эх сурвалжаа нийтлэл мэдээлэл дээрээ дурьдаж байвал их сайн байна. Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)


created by : МоНиФэ
ТУСЛАМЖ БЛОГ